Энтрепренер гэж хэн бэ?
Энтрепренер гэх энэ үг сүүлийн үед бүхий л сонин сэтгүүл, зурагт, интернетээр үзэгдэх боллоо. Та ч гэсэн энэ үгийг олон удаа дуулсан байх. Тэгвэл энэ үг ямар утгатай юуг илэрхийлсэн үг вэ? Энтрепренер гэж хэн бэ? Тэртээ 13-р зуунд үүссэн энэ үг өнөөдөр тэр утгаараа илэрхийлэгдэж байгаа болов уу?
Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай аж. 16-р зуун гэхэд өөрчлөгдөн явсаар эрсдэлтэй бизнес хийж байгаа хүнийг буюу нэр үгийг илтгэх болжээ. 1730 онд эдийн засагч Ричард Кантиллион өөрийн эрдмийн бүтээлд анх удаа уг нэр томьёог ашигласан байна. Кантиллионы хувьд энтрепренер хүнийг ялгаж өгдөг онцлох шинж нь эрсдэлийг үүрэх, ашиг олно гэсэн ямар ч баталгаагүйгээр тухайн бизнесийг эрхлэн явуулах явдал байв. Үүний дараагаар буюу 1800 оны эхэн үед энтрепренер гэсэн нэр томъёог түгээн дэлгэрүүлсэн хүн бол Францын эдийн засагч, бизнесмен Jean Baptiste Say. Түүний тодорхойлсноор бол нөөцийг бага бүтээмжтэй газраас өндөр бүтээмжтэй буюу илүү өгөөжтэй газар руу шилжүүлэх замаар эдийн засагт үнэ цэнийг бий болгож буй хувь хүнийг хэлнэ хэмээжээ. 1848 онд эдийн засагч Жон Стюарт Мил өөрийн алдартай бүтээл болох ” Улс төрийн эдийн засгийн ухааны үндэс ” номдоо, зөвхөн бизнесийн эрсдэлийг үүрсэн хүнийг биш мөн тухайн эрсдэлтэй бизнесийг удирдан явуулж байгаа хүнийг мөн энтрепренер гэнэ хэмээн бичжээ.
20-р зууны агуу сэтгэгчид тэгвэл уг нэр томьёог хэрхэн тодорхойлсон бол. Австрийн нэрт эдийн засагч, суут сэтгэгч Шумптер ийнхүү тодорхойлжээ. Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаа байдлыг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгодог шинийг санаачлагчийг энтрепренер гэнэ. Мөн шинэ бүтээгдэхүүн аль эсвэл үйлдвэрлэлийн шинэ аргачлалыг танилцуулснаар эдийн засагт өөрчлөлт оруулах хэн нэгнийг. Тэгвэл менежментийн загалмайлсан эцэг гэгддэг Петер Дракер 1964 дараах тодорхойлолтыг өгч байж. Энтрепренерүүд өөрчлөлтийг эрэлхийлэн түүнийгээ олж, боломжийг ашигладаг. Тэдний гол зэвсэг бол инноваци.
Нэг жишээ авъя. Эдди бол өөрийн хувийн бизнесээ эхлүүлж байгаа энтрепренер. Тэрээр саяхан сургуулиа програм хангамжаар амжилттай төгссөн төдийгүй нэг апликейшн бүтээжээ. Тэрхүү апликейшн нь амжилт авчирна гэдэгт ч итгэдэг. Цахиурын хөндийн аль нэг компанид ажилд орохоос илүүтэйгээр өөрийгөө сорин, өөрийн арга барилаар ажиллахыг Эдди илүүд үзэв. Өвөлж ирсэн жаахан хөрөнгөөрөө гарааны бизнесээ санхүүжүүлэхээр шийджээ. Энтрепренерийн хувьд тэрээр гарааны бизнесээ эхэлж байгаа ч өөрийн хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа юм. Мөн тэрээр янз бүрийн авьяас чадвартай (санхүү, маркетинг г.м) найзуудаа өөртэй нь нэгдэхийг хүсжээ. Хэрвээ тэр багаа зөв бүрдүүлж чадвал амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энгийнээр ойлговол энтрепренер нь өөрөө өөртөө ажилладаг хүнийг хэлж болох юм.
Цаг хугацаа өнгөрөн дэлхий өөрчлөгдөхийн хэрээр эдгээр нэр томьёо ч гэсэн өөрчлөгдөж байна. Хэрвээ та анзаарвал бүхий л цаг үед эрсдэл, инноваци гэсэн үг байна. 21-р зууны энтрепренер гэж тэгвэл хэнийг хэлэх вэ? Энтрепренерүүд хэрхэн өөрсдөө энэ нэр томьёог тодорхойлсныг харъя.
- Dictionary.com:
Эрсдэлтэйгээр болон нэлээд идэвх санаачлага, самбаатайгаар компани буюу бизнесийг удирдан зохион байгуулж буй хүнийг хэлнэ.
- Их Британийн тэрбумтан Virgin группийг үндэслэгч Mr.Yes Ричард Брансон:
Энтрепренер байна гэдэг нь энгийнээр бол хүмүүсийн амьдрах орчинг илүү таатай амар болгохыг хүсдэг хэн нэгэн байна гэсэн үг.
- Даллас Маверикс багийн эзэн, хөрөнгө оруулагч Марк Кюбан:
Ямар бизнес хийхээ, хаана хүрэхээ, тийшээ хэрхэн хүрэхээ тодорхойлж чадах хүнийг энтрепренер гэнэ.
- Дэлхийн хамгийн том санхүүгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг үндэслэгч Майкл Блүүмберг:
Энтрепренер байна гэдэг нь заавал бизнес эхлүүлэхийн нэр биш. Энэ нь бусдын бэрхшээл гэж харж буйг боломж болгон хувиргаж, тэдний тойрч буй эрсдэлийг үүрч гарахын нэр юм.
- Бусдын нүдэнд ямар ч асуудалгүй мэт харагдаж байгаа зүйлийн саад бэрхшээлийг олж хардаг хүнийг хэлнэ.
Томас Эдисон, Хенри Форд, Стив Жобс, Элон Маск, Марк Зукерберг, Жеф Безос, Тони Шей гэх мэт маш олон алдартай энтрепренерүүд түүхэнд төрөн гарчээ. Интернет худалдааны акул Безос, Шей хоёр худалдан авалтыг илүү ухаалаг, таатай болгосон. Хенри Форд автомашиныг бүх нийтийн хэрэглээ болгож чадсан. Элон Маск хүмүүсийн цаг завыг хэмнэх цахим төлбөрийн системийг бий болгов. Мөн эко хэрэглээг хүмүүст санал болгож байна. Эдгээр хүмүүсийн ачаар бидний амьдрах орчин улам л таатай болон сайжирсаар байна. Та ч гэсэн эдгээр хүмүүсийн адил энтрепренер болох бүрэн боломжтой юм.